Thursday, November 12, 2015

Ардчилагчид Чингис хааныг эх барьж авсан нь

Өнөөдөр амралтын өдөр юм байна. Чингис хаан энэ өдөр төрсөн гэнэ. Уул нь намайг бага байхад Чингис хаан зуны тэргүүн сарын шинийн 15-ы улаан тэргэл өдөр төрдөг байж билээ.  Энэ өдөр Бурхан багшийн их дүйцэн өдөртэй давхцдаг тул социализмын шашинаа хямгадаж, хаанаа хориглосон үзэл сурталтай цаг үед зөвхөн хэдэн шовенист багштай түүхийн хичээл,  Ренчин сахлаар гангарсан хэдэн өвгөн эрдэмтдийн дунд л яригдаад өнгөрдөг байснаас хальсангүй.

Манай гэрт ээжийн минь бидэнд 1977 оны 3-р сарын 19-ний өдөр авч өгсөн, Монголын нууц товчоо хэмээх нэгэн сайхан ном бий. Маш нямбайлан гамтай уншдаг байсан тул одоо ч бараг шинэ хэвээрээ.  Хуудас нь л он цагийн эрхэнд нэлээд шарлажээ. 1975 онд хэвлэгдсэн энэ ном бол Цэндийн Дамдинсүрэн гуайн Монголын Нууц Товчоог орчин цагийн Монгол хэлнээ буулгасан уншихад хялбар, ойлгоход эндүүрэлгүй, дээр нь асар уншууртай болгож өгсөн үнэхээр шедевр бүтээл билээ. 

Одоо гол асуудалдаа оръё.  Нууц товчооны 53-т Амбагай хаан охиноо Татаар аймагт хүргэн өгч очоод Татаарт баригдан Алтан хаанд хүргэгдэн алуулсан тухай буй. Харин 54-т нь Амбагай хааныг сүүлчин захиасаа дамжуулж өшөө авахыг зарлигдаж байх “тэр цагт” Есүхэй баатар өөрийн өндөр өвөг Бодончар богдын адилаар шувуу агнаж яваад бас л хүүхэн аваад буцаж байсан Мэргэдүүдтэй таарч Өүлэнг олзлон авч буй түүх гарч байна. Байз байз! Та цаг хугацааны талаар нууц товчоонд юу гэж дурдсаныг анзаарав уу? Амбагай хаан охиноо айлд өгч, Мэргэдүүд олхонууд аймгаас эм аваад буцаж байсан цаг үе байх чинь! Мэдээж энэ бол намар цаг. Дээр нь шувуу агнах цаг бол аль ч улс үндэстэн намар цагт л ихээр хийдэг ан ав бөлгөө. Хаврын галуу агнадаг эсэхийг мэдэх юм алга. Олон зуун бээрийг туулж ирсэн, дээрээс нь үр төлөө төрүүлж байгаа үед ан ав хийдэг монгол би лав мэдэхгүй юм байна. Юутай ч загасыг түрсээ шахах хавар цагт нь баридаггүйг сайн мэдэж байна. Тэхлээр намар л байж таараад байгаа юм. Эндээс бид Есүхэй Өүлэн 2 дэр нэгтгэж эр эм болж магадгүй эзэн чингисийг үйлдвэрлэсэн он сарыг бараг анхны сэксийн шөнөтэй нь олчих боломж байна. Хэрэв Монголчуудын найр хуримын цаг хугацааны зан заншил сүрхий өөрчлөгдөөгүй бол Есүхэй Өүлэн 2-н учирсан он сар өдөр нь 1161 оны намрын дунд сарын шинийн 17 хавьцаа л байх шиг. Өөрөөр хэлбэл 1161 оны 9-р сарын сүүлчээр. Усны шувууд нуурандаа цуглаж ан авд хамгийн тохиромжтой болох тэр өдөр хоногууд бол чухамдаа намар цаг, 9-р сарын сүүлч билээ. Намар алагдсан Амбагай хааны өшөөг хоёр уулын цаана байх Татааруудаас авах гэж агтаа дахин таргалуулахаар дараа намрыг хүлээх байсан уу. Тэр намартаа Хутула хаанаа залаад (МНТ 57) дайнд мордсонос зайлахгүй. Намаржин, өвөлжин, хаваржин 13 удаа (МНТ 58) амжилтгүй уулгалан дайрсан байх.    

Тэр цагаас хойш 854 намар улирчээ.  Энэ хооронд олон ч түүх сурвалжууд Чингис хааны түүхийг янз янзаар бичсэн байдаг. Авторуудыг нь зохиолтой нь сайн санахгүй ч Чингис хааныг мэргэдийн удам байх эргэлзээ бий тухай олон бүтээл туурвигдсан байдагийг бид мэднэ. Түүний нэгэн дээр Өүлэн эх тэнгэрт хальсан мэдээ Чингис хааны санааг амраасан тухай гардаг. Өөрийг нь мэргэдийн удам уу, алтан ургийн Есүхэй баатрын үр үү гэдгийг гэрчлэх цорын ганц гэрч тэнгэрт хальсан тухай мэдээ Чингис хааныг амраасан тухай өгүүлсэн байдгийг нэлээн хэдэн жилийн өмнө телвизээр билүү, радиогоор ч билүү сонсож байсан санагдана.  Үүнийг нотлох түүхийн эх сурвалжууд бас байдаг болоод л ийм зохиол бүтээл олноороо гарч ирсэн нь дамжиггүй.  Чингис хаан хэний үр болох эсэх талаар ийм эргэлзээ үеийн үед байсаар байгаа нь бидэнд нэг л зүйлийг ямар ч эргэлзээгүй болгож өгч байгаа юм. 

Энэ юу вэ гэхлээр Өүлэн эх юутай ч Есүхэйд олзлогдсон тэр өдрүүддээ Чингис хааныг хэвлийдээ олсон бололтой.  Харин булаагдахаасаа өмнөхөн үү, эсвэл дөнгөж булаагдангуутаа юу. Энийг зөвхөн Өүлэн эх л мэдэж байсан бизээ. За даа ер нь өөрөө ч мэдээгүй байх магадлал бас бий л юм билээ.  Эндээс хамгийн чухал гаргалгаа өөрөө урган гарч байгаа юм. Тэр юу вэ гэвэл бидэнд Чингис хааны Өүлэн эхийн хэвлийд олдсон цаг хугацааг бид нэлээн өндөр нарийвчлалтай тооцоолон гаргах боломж гарч ирж байна.

Миний хэлэх гээд байгаа санаа бол Чингис хаан 1161 оны 9-р сарын хуучдаар эхийн хэвлийд олдож! Түүний эхийн хэвлийд олдсон цаг хугацааг олчихвол төрсөн сар өдрийг олох нь түүхийн биш анагаахын шинжлэх ухааны асуудал болно. Анагаахсаад байх ч юу байхав чавганцын бор аргаар тооцсон ч нэг их хол алдахгүйгээр Чингис хааныг хэзээ төрсөнийг хялбархаан тогтоочихож болж байгаа юм.  Эртэдлээ гэхэд түүх суралжинд тааралддаг зуны эхэн сарын шинийн 15 хавьцаа, илүү тээлттэй том төрсөн бандгар баатар эр байсан байлаа гэхэд Монгол малчид унагаа барьж наадмаа эхлүүлдэг 6 сарын сүүлч 7 сарын эхээр. Ингэхэд манай наадам ямар учиртай үүссэн баяр юм бол?

Гэтэл гэв гэнэт уржнангаас Чингис хаан 11-р сард төрөөд эхлэв. Бараг л октябрийн баяраар. Хэрэв түүний хэвлийд олдсон цаг хугацаа нь урд намар нь байсан бол анагаахын аль ч хуулиар зун төрөх байсан хаан маань бүтэн 5 сар илүү тээлттэй байв уу яав?
Эсвэл манай ардчилагчид цаг хугацааны машинд сууж 1161 онд очоод төрөх яагаачгүй байсан Өүлэн эхэд кесерво хагалгаа хийчихэв үү, ёстой чөтгөр бүү мэд.  Хэрэв ийм хэрэг явдал болсон бол Чингис хааны төрсөн оныг 1161 болгон өөрчлөх, эсвэл эхийн хэвлийд олдсон хугацааг миний таамаглаж байгаагаас нэг жилээр ухрааж 1162 оны 9 сард олдоод 1162 оны 11 сард Ардчилсан намын цаг хугацааны эх баригчийн гар дээр төрсөнөөр Чингис хааны төрсөн өдрийг нь тэмдэглэж явах нь зөв юм.

1990 онд бид худал хуурмагийг халах гэж л ардчилсан хувьсгал хийсэн. Ардчилалын амин сүнс нь үнэнд л байдаг. Харин үнэний амин сүнс нь үг хэлэх эрх чөлөөнд. Гэтэл үнэн нь ч, үг хэлэх эрх чөлөө нь ч ардчилсан намын засаглалын он жилүүдэд устаад үгүй болчихлоо. Үүний тод жишээ бол өнөөдөр болоод байна. Үг хэлэгчдийг шоронжуулж, үнэнийг төрийн түвшинд гуйвуулдаг цаг үе иржээ.


Агуу хүний агуу түүхийг бүүр төрсөн цаг үеээс нь гуйвуулах цаад шалтгаан нь үнэхээр хөгийн юм билээ. Ердөө л 11 сарын 26-ы анхны үндсэн хуулийн өдрийн ач холбогдлыг саармагжуулж МАН-г чадах.  Ийм байж болох уу? Ингэж л байг уу? Хэнийг чадаад байнаа эцсийн эцэст?

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй vs. Ерөнхийлөгчийн хүмүүс

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Монголчууд ердөө гурав хоногийн дараа Бээжинд онхолдох өдрөө хүлээж байсан Манжаас тусгаарлан өөрийн төр улс...